ХЭЛ-СОЁЛ СУДЛАЛ

ХЭЛ-СОЁЛ СУДЛАЛ

Манай гаригийн хүн соёлын гадна үл оршино. Хүн төрөхдөө соёлын орон зайд шууд орж, тэр орон зай нь хүний амьдралд дасах, дадах, сурах ахуй нь болно. Хүн амьдралынхаа туршид соёлын бүрэлдэхүүн болсон юм, үзэгдэлтэй харьцаж түүнийгээ танин мэдэж, түүнийгээ хэлээрээ илэрхийлдэг бол тэрхүү соёл нь эргээд хүндээ нөлөөлж түүнийгээ хөгжүүлэн өөрчилдөг байна.

            Аливаа ард түмний амьдралын хэв маяг түүхэн цаг хугацааны явцад хэвшин тогтож хэлэндээ загварчлагдан шингэж, хэл энэхүү ёс заншил, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлогийг илэрхийлэх хэрэгсэл нь болдог. К.Д.Ушинский “хүүхэд дан ганц үг тогтоож, үг хувилгаж хэлд ордоггүй, харин хэлд орохдоо олон тооны юм, үзэгдлийн ухагдахуун, үзэл бодол, мэдрэмж, уран сайхны дүр, хэлний логик, гүн ухааныг эзэмшдэг /К.Д.Ушинский 1974, 149/ гэсэн байдаг. Аливаа хүн эх хэл болон гадаад хэл сурахдаа саланги үг хэллэг, хэлзүйн дүрэм тогтоогоод зогсохгүй тухайн ард түмний түүх, ёс заншлыг мэдэрч амьдралын тогтсон хэв маягт дасаж, сэтгэх хэв маягийг нь хүртэл олдог байна. Тухайлбал хүүхэд хэлж ярьж сурснаараа, түүнтэй хамт соёлтой болсноороо хүн болдог.Тиймээс соёл, хүн хоёрыг салгаж ойлгох аргагүй юм.

            Орчин үеийн хэлшинжлэл бүхэлдээ хүн төвтэй судлал болсон гэхэд хэтрүүлэл болохгүй бөгөөд хэлшинжлэл, соёл судлал хоёр ойртсон нь тохиолдол биш, амьдралаас үүдэлтэй ажээ.

            “Соёл”, түүний тухай ойлголт

             Өнөө хэр нь “соёл” ухагдахуун, түүний тухай ойлголт эрдэмтэн судлаачдын дунд нэг мөр болж төлөвшөөгүй  байгаагийн илрэл нь өдгөө “соёл”-ын тухай зарим судлаачийн /Кертман, Воробьев/ үзэж байгаагаар дөрвөн зуу гаруй, нөгөө хэсэг судлаачийнхаар /Гуревич П.С. Культурология, М., 1998, 286/ мянга орчим тодорхойлолт байдаг байна. Тэдгээрээс заримыг нь жишээ болгож үзүүлье:

            “Культура – это специфический способ организации и развития человеческой жизнедеятельности, представленной в продуктах материального и духовного труда, в системе социальных норм и учреждений, духовных ценностях, в совокупности отношений людей к природе, между собой и к самим себе” /Философский энциклопедический словарь, М., 1983, 292-293/.

            Culture is a term used by social scientists for a people’s whole way of life. In everyday conversation, the world culture may refer to activities in such fields as art, literature, and music. But to social scientists, a people’s culture consists of all the ideas, objects, and ways of doing things created by the grope. Culture includes arts, beliefs, customs, inventions, language, technology, and traditions. The term civilization is similar, but it refers mostly to scientifically more advanced ways of life. A culture is any way of life, simple or complex /The World Book Encyclopedia, vol.4, 1977, USA, p.942/.

            Английн нэрт хүн судлаач Е.Б.Телор “Primitive Culture” 1871 онд “as that complex whole which includes knowledge, belief, art, morals, law, custom and any other capabilities and habits acquired by man as a member of society гэж тодорхойлжээ.

            Дээрх гурван тодорхойлолт үндсэндээ таарч байгаа бөгөөд тэдгээрийг нэгтгэн хэлбэл “хүн төрөлхтөн амьдралынхаа түүхэн бүхий л хугацаанд сэдэж буй болгосон бүрийг “соёл”-д хамруулан үзэж байна.  

“Соёл”-ыг:

            -хүн төрөлхтний нийтийн соёл /манай гаригийн олон үндэстэн ястны үндэсний соёлын шилдэг ололтын цогц/ 

            -үндэсний  соёл /тухайн орны анги нийгмийн давхарга, үндэсний олонх цөөнхийн соёлын нэгдэл. Үндэсний соёлын өвөрмөц болон давтагдашгүй чанар нь тухайн ард түмний оюуны болон материаллаг салбарт илрэлээ олж байдаг./ гэж ялгаж үздэг.

Соёл нь олон үүрэгт тогтолцоо юм. Түүний үүргүүд:

-танин мэдэхүйн /гносеолог/

-зохицуулах /регулятив/

-тэмдгийн /семиотик/

-үнэлгээний /аксеолог/.  Эдгээр нь соёлын нийгэмд бүтээлч, хүмүүнлэгийн ерөнхий үүрэгтэй байдгийг илтгэж байна.

Орчин үеийн хэлшинжлэлд хэлийг харилцах, танин мэдэхийн хэрэглүүр гэхийн зэрэгцээ соёлын нэг хэлбэр, соёл хадгалж, тээж, илэрхийлж байдаг хэрэглүүр гэдэг талаас нь судлах болсон. Тухайлбал, Германы нэрт сэтгэгч А.М.Хайдеггер “хэл бол ахуйн орон гэр нь юм” гэж нэрлэсэн нь угтаа “хэл бол соёлын орон гэр нь” гэсэн үг юм.

Хэл соёлын харилцан хамаарал шүтэлцээний тухай асуудлыг анх 20-р зууны эхэнд Америкийн нэрт судлаач Э.Сепир, Б.Л.Уорф нар хэлшинжлэлийн харьцангуй онолынхоо хүрээнд боловсруулжээ. Тэрээр “Хэл бол оюуны аугаа үйлийн үр дүн болохын хувьд ард түмний соёлын тодорхойлдог.Хэл бүхэлдээ соёлын хөгжлийн урьдчилсан гарцаагүй нөхцлийн нэг мөн. Соёл нь тухайн ард түмний амьдралын хэв маягийг тодорхойлсон өдөр тутмын дадал, заншил, үзэл бодлын үеэс үед улиран дамжсан нийгмийн цогцын гадна байшгүй” гэж заажээ.

В.Гумбольдт “Миний ард түмний хэлний хүрээ хязгаар миний үзэл бодлын хүрээг тодорхойлно. Хэл бодит ертөнцийг тусгаад зогсохгүй хүний оршин байгаа онцлог орчинг ч тодорхойлно” гэж бичжээ.

Оросын нэрт хэлшинжээч Г.О.Винокур “хэл хүн төрөлхтний соёлын нөхцөл, түүний бүтээгдэхүүн мөн болохоор хэлний аливаа судлалд уг үндэстний соёл зайлшгүй нэгэн судлахуун нь болно”.

Хэл соёлын харилцан хамаарал шүтэлцээний талаар хийгдсэн олон зохиол бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг судлан үзэхэд хамгийн ерөнхий дараах хэдэн дүгнэлтэнд хүрэхээр байна. Үүнд:

1.Хэл соёлын шүтэлцээ нь хоёрдмол чанартай: хэл нэг талаас оюуны соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд нөгөөтэйгүүр хэл нь соёлоос үүдэн гарсан, түүнийг илэрхийлдэг нэгэн төрлийн зэмсэг. Хэл бүр түүгээр харилцагч зон олны үндэсний соёлын нэгэн ёсны хөрөг мөн.

2.Аж хэрэглээний үүднээс хэл, соёлын харьцаанд хөтлөгч хүчин зүйл нь соёл болно. Соёл хэлэнд нөлөөлж, хэлийг тодорхойлдог.

3.Хэл, соёл нь хүн болон хүний хүчин зүйлгүйгээр үл оршино. Тийм учраас хүний хүчин зүйлийн асуудал нийт хэлшинжээч, гадаад хэл заах аргачдын анхаарлын төвд орших учиртай .

4.Хэл, соёлын шүтэлцээний тухай асуудал нь орчин үеийн гадаад хэл заах аргын хүрээнд хэлшинжлэлийн нэгэн хавсарга судлал болон өргөжжээ.

Одоо 3, 4 дүгнэлтийн талаар товч тогтож ярилцъя.

Хүн – хэл. Уламжлалт хэлшинжлэл, хүн судлалд хэлийг хүнд байгалиас ногдсон хүний байнгын мөн чанар гэж үздэг. Энэ санааг В.Гумбольдт, М.Хайдеггер нар “Хэл бол хүнийг буй болгосон хүчин зүйл. Хүн зөвхөн хэлтэй болсноороо хүн болжээ” гэж үзжээ. Энэхүү үзэл баримтлалыг хүн судлаачид дэмждэг. Тухайлбал, хүн судлаач Э.Бенвенист “Хүнийг түүнийг буй болгосон хэлгүйгээр төсөөлж болохгүй. Ертөнцөд хэлтэй, түүгээрээ бусадтай харилцагч нь ганцхан хүн, тийм болохоор хэл бол хүний өөрий нь тодорхойлолтод хамаарах ёстой” гэжээ.

Хүн – соёл. Хүн соёлын гадна үл оршино. Хүн эхээс төрүүтээ соёлын орон зайд шууд орно, тэр орон зай нь уг хүний амьдралд дасах, дадах, сурах ахуй юм. Хүн амьдралынхаа бүхий л туршид соёлын бүрэлдэхүүн болсон юм, үзэгдэлтэй харьцаж, танин мэдэж, үгээр тэмдэглэдэг бол тэрхүү соёлын ухагдахуун нь эргээд хүндээ нөлөөлж хүнийг хөгжүүлэн төлөвшүүлдэг ажээ.

 Гадаад хэл заах, сургах аргын үүднээс бол соёл нь сургалтын агуулга мөн. Учир нь суралцагч хүн зөвхөн харь хэл сураад зогсохгүй харь соёлыг ойлгодог болж байгаа хэрэг гэж олон судлаач үзэж байна. Тэдний нэг Пассов Е.И. хүн хийгээд хэлтэй соёлын харилцах уялдаа холбоог тодорхойлохдоо: " Соёл бол хүний өсч бойждог хөрс газар, амьсгалдаг агаар, хэл нэртэй хоолны амин дэм. Хүн амин дэм, агааргүйгээр туйлдан ядарч мөхнө, эсвэл оюуны тэжээл, соёлгүй цагийг элээнэ" гэжээ. /Овладение иноязычной культурой как основа взаимопонимания в межкультурном диалоге// Специальный вестник Филиала Института русского языка в Венгерии, 7, 65-р тал/.

 

Үндэсний үнэт зүйлийн тогтолцоо болсон соёл сургалт, боловсролын агуулга болохдоо ёс суртахуун, оюуны шимийг эзэмшигч хүний орших орон зай болдог ажээ. " ХҮН - ХЭЛ - СОЁЛ " -ын гурвал нь гадаад хэл зааж сургах үйлд зарчмын ач холбогдолтой. Учир нь соёлыг эзэмших нь нэг талаас хувь хүний төлөвшилт, эцсийн дүнгээрээ нийгмийн боловсролын түвшинд, нөгөөтэйгүүр эзэмшсэн соёлын үнэт зүйлийн тогтолцоо нь нийгмийн ёс суртахуунд тус тус нөлөөтэй байдагт оршино.

Одоо 4 дүгнэлт болох хэл, соёлын шүтэлцээний тухай авч үзье.

Хэл-орон (соёл) судлал. Лингвострановедение.  Cultural Literacy.

Гадаад хэл сургалтанд тухайн хэлий нь үзэж байгаа орныхоо соёлын тухай мэдээлэл оруулж тэр дэвсгэр дээрээ сургалтыг явуулдаг уламжлал цөөнгүй жилийн нүүр үзэж байна. 20-р зууны дунд үед, Дэлхийн 2-р дайны дараа Францын заах аргач багш нар франц хэлний нэр хүндийг Дэлхий дахинд өргөхийн үүднээс франц хэлний сургалтыг "Францын соёл иргэншилтэй" холбон тавьж байжээ. Түүний дараа Орос-Зөвлөлтийн судлаачид орос хэлийг гадаадын хүнд заах үйлийг Оросын соёлтой холбон тавьж эхэлжээ. Тэрхүү эхлэл 30 гаруй жил уламжлан ирсэн байна.

 Гадаад хэл, соёлын шүтэлцээний судлалыг лингвострановедение буюу хэл-орон судлал гэж нэрлэдэг.

Хэл-орон судлал нэр томьёог анх Е.М. Верещагин , В.Г.Костомаров нар анх хэрэглэсэн бөгөөд " Язык и культура" номдоо: " Хэл үндэстний гол нэгэн шинж болохынхоо хувьд түүгээр яригч хүмүүсийн соёлыг илэрхийлдэг нь маргаангүй <... > Гадаад хэл сурч байгаа хүмүүс юуны түрүүнд тэрхүү хэлээ харилцааны өөр нэгэн хэрэглүүр болгохын төлөө зорьдог. Гэхдээ тэд хэлээ нэлээд дөнгүүр мэдэхийн хэрээр тухайн хэлнээ хуримталсан оюуны үлэмж баялгийг нэгэн зэрэг хүртэж үндэсний шинэ соёлд нэвтэрдэг. " ( Верещагин, Костомаров, 1990, 5-р тал) гэжээ.

" Язык и культура" нэг сэдэвт зохиолдоо дээрх эрдэмтэд хэл-орон судлалын үндсийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.               Гадаад хүн шинэ соёлд шимтэн орох боломжийг нээдэг хэлний харилцах, нэмэн нэгтгэх, залан чиглүүлэх нийгмийн үүрэг хэл-орон судлалын чухал үндэслэл юм.

2.       Сургалтын явцад судалж байгаа хэлээ даган суралцагч өөр үндэсний соёлыг хамтад нь хүртэж байгаа болохоор " шинээр соёлжих" үйл нэгэн зэрэг явагдаж байна.

3.       Орон судлалын мэдээлэл нь сургалтын материал дотор нь байхаас биш гаднаас түүнийг тулгах хэрэггүй. Хэл судлалын техникт суралцсан хэл шинжээч үгийн утгаас хэл-орон судлалын мэдээллийг гаргаж авахад тийм ч төвөгтөй биш гэжээ. ( Верещагин, Костомаров, 1990, 40-41-р тал)

 

Оросын судлаачдын дээр дэвшүүлсэн хэл-орон судлалын үзэл баримтлалтай төстэй гадаад хэл заах аргазүйн баримтлал АНУ-д сүүлийн хэдэн арван жилд нэлээд газар авчээ. Түүнийг Виржиний их сургуулийн англи хэлний профессор Е.Д. Хэрш үндэслэн узэл баримтлалаа Дэлхийн тухай мэдээлэл буюу соёлын тухай мэдлэг ( Сиltural Literacy) хэмээн нэрлэжээ.

Гадаад хэл-орон судлалын тухай ОХУ, АНУ-аас өөр оронд ч мөн өвөрмөцойлголт, дэгүүд бий. Тэр нь тухай тухайн орны гадаад хэлний сургалтанд нэгэн ёсны уламжлал болон тогтжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Францын аргазүйчид "франц хэл ба франц соёл иргэншил" сэдвээр сурах бичиг, гарын авлагын цогцолбор бүтээж зөвхөн франц хэл төдийгүй, Францын соёлыг Дэлхий нийтэд сурталчилах зорилго тавьж ажиллаж байсан бид дээр ярьсан билээ.

Германы гадаад хэлний аргазүйчид ч мөн хэл-орон судлалын онолын асуудалд ихээхэн анхаардаг. Германд гадаадын хүмууст зориулсан Герман хэлний сурах бичигтээ Германы газарзүй, түүхийн олон төрлийн бичвэрээр дамжуулан өөрийн улсын төрийн тогтолцоо, түүх, соёлтой танилцуулдаг уламжлал одоо нэгэнт тогтжээ. Түүнд В. Апелт, Е. Отто зэрэг эрдэмтдийн үүрэг их байв.

Ийнхүү хэл, соёлын шүтэлцээний тухай асуудал орон оронд их, бага хэмжээгээр судлагдсан болох нь харагдаж байна. Энэ талын судалгааны сүүлийн үеийн мэдээллийн хэмжээгээр тооцож үзвэл хуучин ЗХУ, одоогийн ОХУ-д гарсан судалгаа тооны болон онолын боловсруулалтын хувьд илт давуутай болох нь бидэнд ажиглагдсан юм. Тиймээс Зөвлөлт,Оросын судлаачдын боловсруулсан хэл-орон судлалын гол гол ойлголт, судлахууны талаар товч авч үзье. 

Хэл-орон судлалын судлахуунууд:

·                 Утга судлал

·                 Тулгуур мэдлэг

·                 Соёлын солбицол

·                 Ертөнцийн үндэсний зураглал

·                 Үндэсний соёлын дүйцэлгүй үг буюу реали

·                 Соёлын концепт

·                 Хэл-соёлын нэгж буюу лингвокултурема

·                 Угсаатны утгалбар буюу этноэйдолексема

·                 Логоэпистем

 

Утга судлалын тухай. Хэл-орон судлал үгийн утгад шингэсэн үндэсний соёлын бүрэлдэхүүнийг юуны өмнө судалдаг. Жишээлбэл, монгол хүний хувьд "уул" утгын хувьд нэгэн ёсны "хүн" юм. Тийм учраас "толгой", "шил", "нуруу", "ар", "өвөр", "энгэр", "суга", "хормой", "хөл", "хуруу", "элэг", "магнай","хацар", "шанаа" гэх мэт нэрийг түүнд хамруулан хэлэхэд монгол хүнд ерийн, нэгэнт тогтсон зүйл бол бусад үндэстний хувьд тэр нь гайхал төрүүлэм, ойлгомжгүй. Эсвэл "хөлтөй" бүгдийг "зогсож байна", хөлгүй бүгдийг "хэвтэж байна" ( ширээ, сандал, өлгүүр, диван "зогсож байна"; хивс, цас, "хэвтэж байна") хэмээх нь бидний хувьд "хэвтэж, зогсоод" байхдаа "яах вэ дээ". Эсвэл монгол хэлний бөө- язгуур бидний хэлний ухамсарт "бөмбөгөр, бөөр, бөөрөнхий, бөгс, бөөс, бөндгөр, бондгор, бомбогор гэх мэттэй салшгүй холбоотой нь ертөнцийн олон хэлтэн олон хүний гайхлыг төрүүлнэ. Үүнээс үүдээд үгийн утгазүйн багтаамж, нийлмэл , хоршоо үгийн утгын судлал ихээхэн газар авсан өвөрмөц сонин судалгааны салбар болжээ.

Тулгуур мэдлэгийн тухай. Тулгуур мэдлэг гэдэг нь тухайн хэлээр харилцагч нийт хамт олны хэлний ухамсарт шингэсэн мэдлэгийг хэлнэ.

Тулгуур мэдлэгийн бүтцийг судлаачид янз бүрээр тодорхойлсон байна. Е.М. Верещагин, В.Г. Костомаров нар : хүн төрөлхтний түгээмэл, бүс нутгийн орон судлалын хэмээн ангилан дараах юм, үзэгдэл хамаатай гэж үзжээ:

1.       хүн төрөлхтний түгээмэл мэдлэгт: ертөнцийн хүн бүрийн мэддэг : нар, сар, од, салхи, цаг хугацаа, орон зай гэх мэт юм, үзэгдэл орно.

2.       Бүс нутгийн хүмүүсийн мэдлэгт: манай гарагийн тодорхой хэсгийн хүмүүсийн ойлголтыг, тухайлбал, тропикийн бүсийн зарим хүмүүсийн үл мэдэх, цас, хяруу, өвөл, цана, мөс гэх мэтийг оруулжээ.

3.       Орон судлалын мэдлэгт : тодорхой үндэстэн, ястан, нийгмийн цөөнхийн гишүүдийн хүрээний тодорхойлолтыг оруулжээ.

 

Тэгэхээр бидний энд өгүүлж байгаа орон судлалын мэдлэгт, жишээлбэл зөвхөн монголчуудын аж төрлийн холбогдолт зүйл орно. Тухайлбал: юуны өмнө үндэстэн, ястнуудын хоол, ундааны зүйл: борц, шууз, боодог, ээзгий, ааруул, өрөм, цагаан тос, бантан, айраг, цагаа г.м. үндэсний хувцас: дээл, цувцаа, тэрлэг, шалам, овоодой, тоорцог, монгол гутал г.м. монголын уламжлалт зан үйл, баяр ёслол: цагаалга, ууц I хуваах ёсон, бэр гуйх, хурим гэх мэт байх жишээтэй.

 

 

Соёлын солбицолын тухай. мэдээлэл, санал солилцсон харилцаа яриа. Тэрхүү яриа нь бие бие э ойлгохыг хүсээгүй, эсвэл бие биеэ шаардлагатай мэдээллээр нөхөж хангаагүй тохиолдолд утга учиргүй" ( Костомаров В.Г. Роль русского языка в диалог культур// РЯЗР., 1994, № 5/6 9-р тал ) гэжээ. Тэрхүү хүсэл, шаардлага байгаа тул олон үндэстний хүмүүс олон улсын бага хурал, зөвлөлгөөн, семинар зэрэг дээр санал бодлоо хуваалцдаг байна.

Харилцагч хүмүүсийн соёлын солбицлыг хангах гол хүчин зүйл нь бие биеэ харилцан ойлгох явдал юм. Гадаад хэл суралцагч хүн уг хэлний үзэгдэл, хэлзүйн тогтолцоог сайтар мэдэн хэл ярианы тодорхой дадлага, чадвартай болохынхоо хэрээр харилцагч хүнээ ойлгоно. Харилцагч хүмүүс бие биеэ ойлгохын үндэс нь хэл хэлээ дагасан харь соёл, тухай тухайн ард түмний үндэсний соёлын онцлог, түүний бүхий л хэв шинж буюу менталитетийг эзэмших явдал юм.

Ертөнцийн үндэсний зураглалын тухай. Ертөнцийн юм, үзэгдлийг тухайн ард түмэн ямар цэг, өнцгөөс нь хүлээж авснаас нь шалтгаалсан өвөрмөц дүрүүд ертөнцийн үндэсний зураглалыг бүрдүүлдэг ажээ. Нөгөөтэйгүүр, юм, үзэгдлийн шинж, төлөв, зориулалт, өнгө, хэлбэр дүрс зэргээс ард түмэн бүр өөр өөрийн сонголт хийж тэрхүү юм, үзэгдлийг нэрлэдэг нь маргаангүй. Тухайлбал, бидний ажигласнаар монголчууд өнгийг эрхэмлэн нэрлэдэг байна. Монгол орны газар нутгийн мянган нэр тутамд ойролцоогоор 20 орчим хувьд нь "цагаан", "бор", "хөх", "хар" гэх мэт өнгө заасан хүртээл нэр ордог. Нүүдэлчдийн тэрхүү эртний уламжлал хот суурины нөхцөлд мөн дагалдан иржээ. Тийм ч учраас бидний үеийн улаанбаатарчууд "саарал байшин", "өнчин цагаан", "таван шар" гэх мэтээр нэрлэх нь ерийн үзэгдэл. Түүнчлэн монголчууд аливаа юм, үзэгдлийн дүрслэлд авиа, хэлбэр дүрс дуурайн илэрхийлсэн үг хэллэгийг эрхэмлэдэг нь монголын уран зохиолоос энэтхэг-европ бүлгийн аль ч хэлэнд хөрвүүлдэг орчуулагчдын "тамыг иддэг" нь нууц биш ээ. Жишээ болгож Д.Нацагдоржийн "Шувуун саарал" өгүүллэгийн дараах хэсгийг орос, англи, герман хэлэнд нэрээс нь эхлээд хөрвүүлнэ гээд үз дээ: "Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоороо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар, хоёр чихээ солбилзуулан, хааяа нэг шилгээж, эзнийхээ сэтгэлийг баясгана." "Тэвхийх", " ярайх"гэх мэтийн авиа хийгээд дүр илэрхийлсэн үг , бидний тооцоогоор монгол хэлний үгийн сангийн 30 орчим хувийг эзэлдэг байна. Чухамдаа үүнийг л ертөнцийн үндэсний зураглал хэмээн нэрлэж байна.

 

 Үндэсний соёлын дүйцэлгүй үг буюу реали ( хожмийн лат. realis ' бод юм' ) .Тухайн үндэстэн ястны зөвхөн хэрэглэдэг бод юмны нэр нь нөгөө үндэстний хэлэнд байхгүй тул тэдгээрийг дүйцэлгүй нэр хэмээн нэрлэж заншжээ.

Дүйцэлгүй үгсийг судлаачид (Л.С. Бархударов, В.Л. Россельс, Е.М. Верещагин, В.Г. Костомаров, Л.Н. Соболев г. м. )янз бүрээр ангилсан нь бий. Тэдгээрээс хамгийн түгээмэл шинжтэйг нь түүвэрлэн нэгтгэн үзүүлье:

  орон орны нийгмийн байгуулал, улс төр, засаг захэргааны тогтолцоо, мөнгөн тэмдэгт, түүний нэгж зэрэгтэй холбоотой үг, ухагдахуун: Их хурал, баг, сум, засаг дарга, төгрөг, мөнгө г.м.

  тухайн орны өнгөрсөн үеийн түүх, соёлтой холбоотой үг, хэллэг: хошуу, тэргүун баг, тахар, арван тавны цагдаа, улс төрийн товчоо, сайд нарын зөвлөл, сангийн аж ахуй, эдийн засгийн харилцан туслах зөвлөл г.м.

  ард түмэн бүрийн уламжлалт ахуйн эд өлгийн зүйлийн нэр: домбо, тагш, хул, дээл, гэр, уүд, морин хуур, хулсан хуур, тахил, овоо, хийморь, бантан, ааруул, ээзгий, зөөхий, өрөм г.м.

•хэлц ба өвөрмөц хэллэгийн бүрэлдэхүүнд ордог үгс: морь, нохой, ам, толгой, уул, тал г.м. Жишээлбэл, нохойн наадам, ам халах, толгой мэдэх, толгой даах, уул шиг нөмөртөй, танилтай хүн талын чинээ г.м.

  Аман зохиолоос үүдэлтэй ойлголтыг илэрхийлсэн үг, хэллэгүүд: шумнас, бирд, Цагаан өвгөн, савдаг, ам цагаан хулгана г.м.

  харь гаралтай үг хэллэгүүд: хуйцаа, цуйван, плов, куртик, пүүз, бярвааз, гоожин, квас, кекс, торт г.м. болно.

 

Соёлын концепт ( conceptus ' ойлголт, ухагдахуун', соnciреге ' үүсгэх, буй болгох' үйл үгээс үүдэлтэй). Соёлын концептыг хоёр талаас нь ойлгож болно. Тэр нь хүний оюун ухаанд соёл, түүний ухагдахуун оршин орон зай эзэлдэг нэгэн төрлийн цөм, нөгөөтэйгүүр ерийн хүн соёлын хүрээнд орж зарим тохиолдолд түүнд нөлөөлсөн хүчин зүйл болно гэж ойлгох хэрэгтэй.

Хэл-соёлын нэгж буюу лингвокультурема. Хэл-соёлын нэгж нь хэлний ба хэлний бус агуулгын диалектик нэгдэл болсон хэлний түвшин хоорондын цогц ойлголт бөгөөд тэр нь санаа бодлын хэлбэр болсон хэлний ойлголт нэг талаас, нөгөөтэйгүүр түүнтэй салшгүй холбоотой хэлний бус, соёлын орчин, нөхцөл зэргийг хослон тусгаж багтаадаг гэжээ.

Хэл-соёл судлалын нэгж тэгэхээр үгээс том болж таарч байна. Тэдгээрийн харьцаа нь бодот ертөнцийн юм, үзэгдлийг тусгадаг хэл, ухагдахууны харьцаа юм. Өөрөөр хэлбэл, үг (тэмдэг, утга) хэл-соёлын нэгжийн (тэмдэг-утга-ухагдахуун-бод юм, үзэгдэл ) бүрэлдэхүүнд орохынхоо хувьд зөвхөн хэлний хүрээгээр хязгаарлагдаж байгаа бол хоёр дахь нь бодот ертөнцийн юм, үзэгдэлд хүртэл хамааралтай болж байна. (Воробьев, 1997, 47,-р тал) Зохиогч тэрхүү ялгааг оросын хэл-соёлын нэгж болсон хоровод ойлголтоор тайлбарлажээ. Тэрхүү үг хэл-соёлын нэгж болохын хувьд В.И. Далийн тольд заасан үгийн утгаас гадна оросын уламжлалт соёлтой холбоотой олон тооны хэмнэлийн хийгээд нийлэмжийн утгыг илэрхийлдэг. Жишээ нь , тэрхүү үгээр хавар-зун-намар-өвөл улиран солигдох үйл, Үнэн алдартны шашны нэгэн төрлийн наадгай, цэнгээн, играть, водить хороводы гэх мэт нийлэмжийн утга зэргийг илэрхийлнэ.

Угсаатны утгалбар буюу этноэйдолексема. Л.А.Шейманы саналаар түүхэн хугацаанд буй болсон нийгэм-соёлын орон зайд харь хэл судлаж байгаа хүн тухайн хэлээр харилцагч ард түмний соёлын онцлогийг судлах төдийгүй, тэдгээрийн гарал угсааг анхаарч үзэх бодит шаардлага заавал урган гардаг ажээ. Түүнийхээр угсаатны утгалбар гэж нэг ёсондоо үг, түүний бүтцэд хадагдсан үндэсний чанартай утгын бүрэлдэхүүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Үг-дүр гэсэн үг юм.

Логоэпистем. "Нууц дотоод хэлбэр" бүхий, анх гарсан өөрийн түүхтэй, түүгээрээ үндэсний соёлд хамаарах хэлний нэгжийг тийнхүү нэрлэжээ.

Логоэпистем бүтцийн хувьд хэлний олон түвшинд хамаарна гээд В.Г.Костомаров,   Н.Д.Бурвикова  нар  түүнээ дараах  жишээгээр  баталжээ:  үгээр Москва! , обловщина, нийлэмж үгээр - Герой нашего времени. Человек в футляре. хэвшмэл хэллэгээр - Москва не сразу строилась. Язык до Киева доведет г.м. Утгын хувьд зохиогчдын саналаар дээрх үг, хэллэгүүд нь давхар утга, өөрийн түүх, өнгө аястай, түүнийг мэдэхгүйгээр логоэпистемийг бүрэн ухаарахгүй гэж үзжээ. Тийм төрлийн нэгжүүд үндэстэн бүрийн хэлэнд хангалттай бий.

 Дээрхийг монгол жишээгээр тайлахыг оролдъё. Жишээлбэл, Итгэл баян гэхэд дундаж боловсролтой монгол хүний хувьд энэ бол ерийн нэгж, нийлэмж үг биш, цаана нь түүх, соёлын багагүй ойлголт бий. Гол гаргах хэвшмэл хэллэг мөн өөрийн гарсан түүхтэй, хэн анх хэлсэн эзэнтэй, хэдийд гарсан нь хүртэл тодорхой байна. Тэрхүү мэдлэгийг шаардах, хэлний олон түвшингийн үг, хэллэгүүдийг логоэпистема гэж нэрлэжээ.

В.Г.Костомаров, Н.Д. Бурвикова нарын саналаар логоэпистемийн лавлах толь нь гадаад хэл - соёлын мэдлэгт чухал ач холбогдолтой болно.

 

               

 

                 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн гишүүд нь сэтгэгдэл бичиж болно. Та хэрвээ энэ блогийн гишүүн бол энд дарж нэвтэрнэ үү!